Saturday, July 16, 2011

Ногоон байгууламж гэж юуг хэлэх вэ?

Ногоон байгууламжийг хот суурин газрын оршин суугчдын тоо, түүний шилжилт хөдөлгөөн, цаашдын өсөлтийн хандлага, гудамж замын хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлийг харгалзан харилцан адилгүй хэмжээ ангиллаар тодорхой төлөвлөгөөний дагуу байгуулдаг байна.

Хотын ногоон байгууламжийг
1.Нийтийн хэрэгцээний,
2.Хязгаарлагдмал хэрэгцээний,
З.Тусгай зориулалтын гураван төрөлд хуваадаг аж.

Дээрх хэсгүүдэд ногоон байгууламжийг байгуулах мод сөөгийг сонгон байршуулах хэмжээ, горим нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь, нийтийн хэрэгцээний ногоон байгууламж нь зөвхөн оршин суугчдын амралт, зугаалгын аятай орчинг бүрдүүлэх төдийгүй нийтээр амарч зугаалж цэнгэж тоглон наадах, амрах нөхцөлийг бүрдүүлдэг.

Нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийг цэцэрлэгт хүрээлэн (бидний ярьж, сайн мэдэх парк), цэцэрлэг (сад), жижиг цэцэрлэг (скверь), цэцэрлэгт гудамж (бульвар), цуваа цэцэрлэг (аллей) гэж тус бүр ангилдаг. Үүнээс үзэхэд цэцэрлэг гэдэг зөвхөн мод, сөөг, цэцэг ургуулснаар хязгаарлагддаггүй, зүлэгжүүлсэн талбай, тохижуулсан зам, бүжиг, цэнгээний талбар, сууж амрах сандал, сүүдрэвч, ширээ, хүүхдийн тоглоомын талбай болон бусад тоноглолоор төхөөрөмжлөгдсөн байх шаардлагатай аж.

Цэцэрлэгийн гол элементүүд ойролцоогоор асфальтан болон хатуу хучилттай зам талбай 15-20 хувь, зүлэг цэцэрлэгт талбай 25-30 хувь, мод сөөг 50-60 хувийн харьцаатай байх жишээтэй.

Цэцэрлэгт хүрээлэн буюу паркийг гэхэд байгалийн ой буюу зориудаар ойжуулсан талбайд байгуулдаг     байна. Парк нь хотын төв болон захад байрлаж болох бөгөөд нилээд том талбайг хамарна. Цэцэрлэгт хүрээлэн нь амралт цэнгүүн, биеийн тамир, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахад зориулсан байна. Энд уран гоё хийцтэй барилга, байгууламж, цэцэрлэгийн хэрэгсэл болон бүх талаараа   тохиромжтой замын сүлжээг байгуулсан байх хэрэгтэй. Ингэхдээ замын сүлжээг аль болохоор геометрийн зөв дүрсээр байгуулвал илүү тохиромжтой. Ялангуяа төв замаа төв хэсгээр байрлуулж, түүнийхээ дагуу усан сан, нуур цөөрөм, усан оргилуур байрлуулж, цэцгийн мандал, зүлэгт талбайг байгуулах нь зохицож, аятайхан харагддаг.

Цэцэрлэгт хүрээлэнгийн 70 хувиас багагүй талбайг ногоон ой эзэлж, ингэхдээ паркийн нэг га талбайд 100-аас цөөнгүй мод, 300 ширхэгээс цөөнгүй бут байвал тохиромжтой. Манай улсад парк гэдэг ангилалд Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу Хүүхэд, залуучуудын паркийг оруулж болно.

Цэцэрлэг сад. Үүнийг цэцэрлэгт хүрээлэн байгуулах том хэмжээний талбайгүй, дүүрэг, хорооллын бага хэмжээний талбайд байгуулна. Цэцэрлэгийг байгаль орчны тогтоц хэв төрхийн дагуу геометрийн төрөл бүрийн дүрс хэлбэртэйгээр байгуулж болно.

Зориуд ургуулсан суулгац материалаар байгуулна. Ихэнх тохиолдолд цэцэрлэг байгуулахад байгалийн    хэв төрхийн хэлбэрээр, зарим үед энэ хоёрыг нийлүүлсэн холимог хэлбэрээр төлөвлөн хэрэгжүүлдэг. Ингэхдээ мод сөөг, зүлэг ургуулан цэцэг тарьж чимэглэнэ. Энэ зориулалтаар мод сөөгийг шатрын хөлөг маягаар хэдий чинээ шигүү суулгах тусам гадна дуу чимээг төдий чинээ сайн намжааж хамгаална. Мод сөөгийн хооронд 3-4 метр зайтай суулгах нь тохиромжтой.

Жижиг цэцэрлэг скверь. Үүнийг орон сууцны хороолол, галт тэрэгний буудал, төв замуудын уулзвар зэрэг нэг га хүртэлх хэмжээний талбайд байгуулна. Голдуу геометрийн дүрс хэлбэрээр байгуулах ба төв хэсэгт нь цэцгийн мандал, зүлэг суулгах, үзэсгэлэнт мод сөөгийг бүлгээр ургуулах нь тохиромжтой. Ийм цэцэрлэг орчноо гоо үзэмжтэй болгон чимэглэхээс гадна иргэдийг түр амарч алжаалаа тайлах нөхцлийг хангана.

Цэцэрлэгт гудамж. Бульварыг явган хүний хөдөлгөөнийг цэгцлэх зорилгоор өргөн гудамжны төв хэсэг, гол мөрөн нуурын захаар 1-2 эгнээгээр мод цувуулан тарьж байгуулдаг. Хөдөлгөөнийг зохицуулсан цуваа цэцэрлэг нь өргөн гудамжний дундуур гаргасан явган хүний замаас 3-5 метр зайтай, хоёр тал нь нарийн зурвасаар зүлэгжүүлсэн байдалтай байна. Мөн өргөн гудамжны хоёр талд 10 метр ба түүнээс дээш өргөнтэйгээр хоёр эгнээ мод тарьж, гадна талаар нь бут сөөгөөр хашлага хийнэ. Бульварт модыг эгнээ хооронд 6 метр, мод хооронд 5-6 метр зайтайгаар ихэвчлэн байгуулна. Захаар нь бут сөөгийг 25-30 см зайтай суулган ургамлан хашлага хийж өгдөг.

Цуваа цэцэрлэг буюу аллей. Хот суурин газрын замыг явган хүний замаас тусгаарлах зорилгоор байшин барилгын нүүр, ханыг чимэглэж, хөшиг болгон ашиглах үүднээс замын хоёр хажуугаар мод сөөг цувруулан тарьж цэцэрлэгжүүлэхийг хэлнэ. Аллейд модыг нэг эгнээгээр хоорондоо 4-8 метр зайтай суулгана. Нэг эгнээ цуваа цэцэрлэгт шинэс, нарс, улиас, хайлаас зэрэг мод, өрөл, долоолгоно, шар хуайс хайлаас, нохойн хошуу зэрэг сөөгийг суулгана. Цуваа цэцэрлэгийн мод сөөгний титмийг засч бөмбөлөг, дугуй, дөрвөлжин гэх мэт янз бүрийн хэлбэртэй болгон зүлэг, цэцэг, гоёмсог бут сөөгийг хольж байрлуулах хэрэгтэй.

Хязгаарлагдмал зориулалттай ногоон байгууламжийг хүн амын суурьшил ихтэй газрууд болох сургууль, соёлын газар, эмнэлэг соёл үйлчилгээний байгууллага, хүүхдийн цэцэрлэг, ясли, шинжлэх ухаан, үйлдвэр, аж ахуйн байгууллага өөр өөрийн үйл ажиллагааны онцлог нөхцөл байдалд тохируулан байгуулдаг.

Ногоон байгууламжийг яаж байгуулдаг вэ?

Урин дулаан цаг ирж, хот суурингийнхан гадаалах боллоо. Нэг ёсондоо ногоон зүлэг, цэцэг мод бүхий орчинг хүсэх болов. Гэвч манай нийслэлд гэхэд ийм ногоон байгууламж төдийлөн үгүй.

Хот, суурин газрын ногоон байгууламж уг нь агаарын температурыг бууруулж, зуны улиралд сүүдрэвч, хүйтний улиралд салхинаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна агаарын бохирдолт болон дуу чимээнээс хамгаалж, хотын нүүрс хүчлийн хийг багасгаж хотын өчүүхэн хэсэгт байгалийн зүй тогтоцыг бүрдүүлж бий болгодог. Тиймээс иргэд өөрийн амьдардаг орчноо зүлэгжүүлж цэцэрлэгжүүлэх зайлшгүй хэрэгтэй болж байна. Үүнийг хүмүүсийн өөрсдийн эрүүл мэнд, амьдрах орчин, оюун санаандаа хийж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгох учиртай.

Улс орнууд хөгжлийн жам дагуу хотжихын хэрээр бохирдол ихэсч, хот суурингийн хүн амын эрүүл мэнд, экологийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж улам хомсдсоор. Үүний жишээнд хүн ам ихээр төвлөрч буй манай нийслэл хот болон бусад томоохон хот суурингууд орно. Нийслэл Улаанбаатарыг бодвол Дархан, Эрдэнэт хот болон Дорнод, Дундговь зэрэг аймгийн төв харин ч өөрийн гэсэн хүрээлэн байгуулж, ногоон байгууламжтай болжээ.

Монголчууд бид хавар болонгуут жилийн жилд ганц удаа мод тарих ажилд гардаг. Ургамал, мод тарих нь хэн бүхний хийж чадах ажил мэт боловч богино хугацаанд хурдан ургуулж ногоон байгууламжтай болохын тулд мэргэжлийн заавар зөвлөгөө авах нь юунаас ч чухал.

Хот, сууринг цэцэрлэгжүүлэхийн өмнө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Жил бүр "субботник" хийхгүй тул бүр хэтийн төлөвлөөг гаргаж, түүнийгээ зураг төслийн дагуу хийх учиртай. Үүний тулд эхлээд тарих мод, бут сөөгөө сонгоно. Үүнд дараах ажиллагааг баримтлана.

1.Түргэн ургадаг мод, сөөг тарих: Чимэглэлийн ургамлын дийлэнх нь мөчрөөр үржих чадвартай байдаг болохоор мөчрөөр үржүүлсэн 2-4 настай суулгацыг сонговол ашигтай. Харин чимэглэлийн шилмүүст ургамлуудыг голдуу үрээр үржүүлсэн, 1-2 настай суулгацыг өргөн хэрэглэдэг. Хэрэв зүлэгжүүлье гэвэл нэг наст болон олон наст ургамлыг сонгох нь зүйтэй. Тэдгээрийг хөгжлийн зөв үе шатанд нь хайчилж бутлах чадварыг дээшлүүлж, ширэглэж ургах нөхцөлийг сайн хангаж өгөх ёстой.

2.Хөрсний бичил орчин бүрдүүлэх. Цэцэрлэгжүүлэх ажлын эцсийн үр дүн нь хөрсний үржил шим, түүний бичил орчноос шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, ямар ургамлыг ямар хөрсөнд таривал сайн ургах вэ гэсэн хэрэг юм. Энд бидний мэдэх хар шороо, элс хоёр төдийлөн хангалттай биш. Ургамлын үндэсний амьдрах орчинд ямар бичил организмууд амьдарч харилцан ашигтай тохиромжтой орчинг бүрдүүлэх асуудал чухал юм. Энэ байдлыг тооцож чаддаггүй учраас тарьсан мод бүр ургаж чаддаггүй юм. Мод үржүүлгийн талбайд сайн ургасан мөртлөө шилжүүлж тарихаар муу ургадаг. Энэ нь тарьсан газрын хөрсний бичил орчин таарахгүй байна гэсэн үг юм.

З.Шилмүүст мод болон бусад тохиромжтой ургамал тарих. Шилмүүст мод нь бусад модлог ургамлуудын дотроос анхилам үнэр ялгаруулдаг онцлогтой. Тэр бодис нь агаарын бичил организмуудыг (ханиад томууны бактери, савханцар) устгадаг. Боломжтой бол мөнх ногоон шилмүүст ургамал, навчит бол навч нь олон өнгө үзүүлж чадах, бас үр тоос нь орчныг бохирдуулахгүй байх нөхцлийг тооцох хэрэгтэй. Эм улиасыг чимэглэлд ихээр хэрэглэснээр үүдэж зургадугаар сард түүний үр ихээхэн төвөг учруулдагийг санах хэрэгтэй. Чихэрлэг ургамал таривал шавж хорхой ихээр цугларах тохиолдол бий.

Цэцэрлэгжүүлэлтэнд тарих модыг сонгож авахдаа дараах шалгуур үзүүлэлтүүдийг анхаарах ёстой. Үүнд:

•Насны байдал. Чимэглэлийн модлог ургамлууд олон наст ургамал юм. Тухайн сонгосон ургамал хэдэн жил насалж, хэдий хэмжээний титэмтэй болохыг заавал харгалзаж үзэх нь чухал.
•Өндөр, нам. Чимэглэлийн модыг тарихдаа цаад байгууламжийн гоо үзэмжинд тохируулан өндөр намыг бодолцох учиртай. Тайралт хийдэггүй модыг хаана нь тайрч, хэлбэршүүлдэг модыг тарихдаа зөв байрлуулах хэрэгтэй болдог.
•Титэм. Ургамал бүрийн газрын дээд хэсгийн хэлбэр дүрс өөр өөр байдаг Цэцэрлэгийг ямар зориулалтаар байгуулж байгаагаас хамаарч титмийг бас янз бүрээр хэлбэржүүлж болдог.
•Навч. Цэцэрлэгийн модыг шилмүүст навчтай (шинэс, гацуур, нарс, арц), илтэслэг буюу хавтгай навчтай (улиас, улиангар, бургас, хус гэх мэтээр) гэж тус бүр ангилж болно.
•Навчны өнгө хувиралт. Ургамлын навчны унах хугацаа өөр өөр байхын зэрэгцээ өнгө хувиралт аажим, олон өнгө үзүүлдэг.
•Цэцэг. Ургамал бүрийн цэцэглэх хугацаа янз бүр байдаг. Буйлс, гүйлс, сакура зэрэг ургамал навчлахаасаа өмнө цэцэглэдэг. Нохойн хошуу, монос зэрэг ургамлууд навчилсны дараа цэцэглэх жишээтэй. Мөн цэцгийн хэмжээ, байрлал, тоо хэмжээ өөр өөр байдаг. Бүйлс, монос зэрэг нь олон тооны жижигхэн цэцгүүдтэй байхад, нохойн хошуу олон тоотой, том цэцэгтэй юм. Чимэглэлийн ургамлыг цэцгээрээ гоёдог, навчаараа гоёдог гэж ангилдаг.
•Цэцэглэх үеийн үргэлжлэх хугацаа. Хавар эрт цэцэглэдэг, зуны турш цэцэглэдэг ургамлууд бий.
•Холтосны өнгө. Модлог ургамлын холтос янз бүрийн өнгөтэй. Үүнийг бас чимэглэлийн явцад анхаарч үзүүштэй.
•Үндэсний системийн байдал. Ямар ч ургамлын газрын дээд хэсэгтэй тэнцүү хэмжээний үндэсний систем байна гэдгийг ямагт санах хэрэгтэй. Тийм учраас ургамал тарих зайг тохируулах нь чухал. Бас улиас мэтийн ургамлууд үндсээрээ үрждэг. Байшин, барилгад хэт ойрхон таривал газар доорхи шугам сүлжээнд аюул учруулж болох юм.

Цэцэрлэгжүүлэлтийн мод бутыг тарьсан хэлбэрээс нь хамааруулж дараах байдлаар төрөл хэлбэр болгож болох юм. Жишээлбэл,
-Ганц нэгээр суулгасан модыг иш, титэм, навч зэргийг харгалзан сайхан навчтай, эсвэл шилмүүст модыг сонгож авах нь чухал.
-Цөөн мод буюу төгөлийг тарихдаа хоёр буюу түүнээс дээш тоогоор том мод, сөөг, бут хэмээн титмийн ялгарлаар дараалуулан сонгож тарина.
-Туж мод буюу шугуйг их хэмжээний талбайд хэдэн зуу, мянгаар нь мод суулган ойжуулна. Энэ нь томоохон цэцэрлэгт хүрээлэн болно гэсэн үг. Ихэвчлэн нэг төрлийн эсвэл олон төрлийн моддыг сонгоно.
-Зэллэсэн модыг зам эсвэл барилга байгууламжийн дэргэдүүр нэг эгнээгээр суулгана. Энд шинэс, хуш, нарс, гацуур, жодоо хус, улиас зэрэг өндөр ургадаг модод байх нь чухал.
-Таримал хашааг байгуулахдаа цэцэрлэг талбайг хүн, амьтан, мал, тэжээвэр амьтны хөл хөдөлгөөнөөс тусгаарласан байдлаар хийх бөгөөд суулгасан ургамлыг танаж хэлбэржүүлэх эсвэл өөрийнх нь төрхөөр ургуулдаг.
-Эмжээрлэсэн сөөгийг тарихдаа замын хашлаганы гадна тал, зүлэгний захаар 0,5 метрээс өндөргүй намхан сөөг, сөөгөнцөр болох жижиг навчит харгана, боролзгоно, жигд зэргийг тарьж болно.
-Таримал хана бий болгохдоо ороонго, чөдөр өвчний төрлийн мөлхөө ургамлыг байшин, барилгын хананд бэхлэгч, хэц тогтоон дагуулан ургуулдаг. Бас хээ хуар хэлбэрээр ургуулж болно.

Ургамал судлаач Д.Суран, ойн мэргэжилтэн Н.Баатарбилэг нарын зөвлөгөөг ашиглав.